™c☺llecti☺n™ : БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэдгээ хэллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэдгээ хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 3 дугаар сарын 25-ны өдөр бараалхлаа.

Цаг гарган хүлээн авч байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд  БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байна гэв.

Дипломат харилцаа тогтоосон 20 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд Монгол, Солонгосын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдсэн гэдгийг тэмдэглэлээ. БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан дунд хугацааны хөтөлбөрийг ойрын ирээдүйд байгуулж ажиллахаар тохирсон, хоёр орны харилцаа, хоёр биенээ нөхсөн хамтын ажиллагаа болж өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв.

Солонгосын томоохон компаниуд манай улсын бүтээн байгуулалтад оролцохыг дэмжиж байгаа, БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаа  нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэд харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх хүсэлт тавьсан гэдгээ онцоллоо.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн саналыг зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд асуудалд анхааралтай хандаж туслах болно гэлээ. Солонгосын томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийх нь ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Сөүл хотын даргын хувиар 2005 онд Монголд айлчилж байсан. Энэ онд заавал очно гэж төлөвлөж байгаа гэж хэллээ.

Солонгост ажиллаж буй монгол иргэд тус улсын  эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын Ерөнхий сайд онцоллоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг нарын ганцаарчилсан уулзалт 3 дугаар сарын 24-ний үдээс хойш тус улсын Засгийн газрын ордонд болов.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 21 жил, Солонгос дахь Монголын жилийн нээлтийн арга хэмжээтэй  Ерөнхий сайд С.Батболдын айлчлал давхцаж байгаад хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.

Эх орондоо найрсгаар  хүлээн авч байгаад нь Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлээд манай хоёр орон эртний түүх, соёлын харилцаатай, өнгөрсөн 20 жилд БНСУ нь манай гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байгаа бөгөөд бүх салбарт харилцаа өргөжих бүрэн боломж байна гэлээ.

Түүнчлэн сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын шилжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, Солонгосын ард түмний дэмжлэг чухал хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн, Засгийн газар өндөр үнэлж, талархаж байдаг гэв.

Солонгосын Засгийн газрын тэргүүн хариу талархал илэрхийлээд хоёр  орны харилцааг шинэ шатанд гаргах, урагш ахиулах ёстой гэсэн Ерөнхий сайд С.Батболдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.

Ингэхдээ манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая долларт хүрч, 85 дахин өссөн гэсэн үзүүлэлтийг онцоллоо. Энэ бол хоёр улсын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Энэхүү шат ахиулах хэлэлцээг төрийн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр идэвхжүүлэхийг ноён Ерөнхий сайд Ким Хван Шиг  санал болголоо.

Ерөнхий сайд Ким Хван Шиг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд “Эрхэм Ерөнхий сайд таны Засгийн газрын тэргүүний хувиар хийж буй анхны албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагш ахиулсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдаг гэхчлэн энгийн, халуун  дулаан уур амьсгалд болсон уулзалтын үеэр БНСУ-ын Засгийн газрын тэргүүн, тус улсад ажил эрхэлж байгаа монголчууд Солонгосын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ Солонгосын ард түмэн монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг хэмээлээ. Манай Засгийн газар Солонгост сурч ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн асуудалд ихээхэн анхаарал тавьсаар ирсэн, хойшид ч анхаарсаар байх болно гэж  Ерөнхий сайд С.Батболдын монгол иргэдийн асуудалд нааштай хандах хүсэлтийн хариу болгон хэллээ.  

Ерөнхий сайд нар уулзалтын үеэр албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, уламжлалт харилцааг шинэ  шатанд гаргах үр  дүнтэй  яриа хэлэлцээрүүд хийгдэнэ гэдэгт санал нэгдэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо
Монгол, Солонгос хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Д.Гэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нарын албаны хүн оролцлоо.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар,  бүс нутаг олон улсын тавцанд хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд харилцааны зарчмаа цаашид шинэ шатанд гаргах, том зорилт дэвшүүлж түүнд хүрэхийн тулд  цогц арга хэмжээнүүд авахын чухлыг хэллээ. Иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй урсдаг байх нөхцөлийг бий болгох шаардлага хоёр улсын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ингэхийн тулд дэс дараатай арга хэмжээ авч иргэдийг ойрын үед визээс чөлөөлөх саналтай байна. Гадаад  харилцааны сайд  байхдаа миний бие визний хугацааг 90 хоног болгож сунгах шийдвэр гаргасан нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Визний хугацаа хэтэрдэг зөрчил эрс цөөрсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд холимог гэр бүлийн гишүүдийн эцэг эх, үр хүүхэд ийм нөхцөл эдэлж чадахгүй байгаа тул нийтлэг журамд хамруулахыг хүсэв. Нөгөөтэйгүүр 2011 оноос эхлэн Солонгосын монголч эрдэмтдэд манай улсад олон удаагийн визээр зорчих эрхийг Монгол Улсын Засгийн газар олгосон гэдгийг онцоллоо.   

Солонгост ажиллаж байгаа гэрээт  ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, дадлага эзэмшсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгох, ажилчдыг мэргэжлийн баримжаа олгох богино хугацааны сургалтад монголчуудыг илүүтэй хамруулахыг Ерөнхий сайд С.Батболд Солонгосын талд тавьлаа.

Засгийн газрын тэргүүний энэ хүсэлтэд БНСУ-ын Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Энэ чиглэлээр нааштай шийдвэрүүд гарч өнгөрсөн оны сүүлчээс Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгож эхэлсэн төдийгүй гэрээгээр ажиллаж байгаа бүх хүнд мэргэжлийн үнэмлэх олгохоор холбогдох албаны хүмүүстээ үүрэг өгөөд байгаа” гэлээ.

Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчдын тоог Монгол Улсад шаардлагатай байгаа эрчим хүч, геологи, боловсруулах үйлдвэрлэл, анагаах ухаан,  инженер, газар тариалан зэрэг нарийн мэргэжлээр түлхүү сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Хүний хөгжлийг дэмжих бодлого баримталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа Ерөнхий сайд С.Батболд энэ хэлэлцээний үеэр Монгол Улсад Оношлогооны төв барихад Солонгосын талаас тусламж хүссэнээ хэлээд нааштай арга хэмжээ авч буйд талархаж байна гэв. Энэ төв нь  хоёр  орны хөгжлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа  онцлон хэллээ.  

БНСУ-ын Засгийн газрын  буцалтгүй тусламжийг авах тэргүүлэх ач холбогдолтой улсын тоонд манай улсыг багтааж, Зүүн Азийн цаг уурын түншлэлийн хөтөлбөрт Стратегийн гол түнш орноор орох болсон, 2011, 2013 үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд С.Батболд талархлаа илэрхийллээ.

Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад Солонгосын томоохон  хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд энэ тендер нь тодорхой шалгуурт нийцсэн байх учиртайг онцлов.

Сүүлийн жилүүдэд агаарын тээврээр үйлчлүүлдэг монгол, солонгос зорчигчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор онгоцны нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа Монгол Улсын Засгийн газрын  тэргүүнд уламжиллаа.

Ийнхүү хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, БНСУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагаа бүс нутаг болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Үүний мөрөөр хэвлэлийн хамтарсан мэдээ гаргасан билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)